Most quality

product/category

Sandwich panel

http://eps.nots.mn

Vacuum block molding company.

http://eps.nots.mn

Чанарын баталгаа

 

  Барилгын дулаалга гэдэг нь барилгын дотор талд барих норматив температурын утгыг барилгын гадна хаших бүтээцээр алдагдалгүй, тогтмол барих тухай ойлголт юм. Полистрол хавтан нь химийн болон органик нэгдлийн холимог болох полимер материал юм.

       Анх 1851 оноос байгалийн каучукыг халуун хүхрээр үйлчлэн эбонитийг, 1868 оноос хөвөнг нитрожуулан целлойдыг, 1897 оноос сүүний казейнаас галалитийг үйлдвэрлэж эхэлсэн. Синтетик полимерийн үйлдвэрлэл нь анх Л.Бакелеид  Г.С. Петров нарын ажлын үндсэн дээр 1907 оноос Фенол, формальдегидын давирхайг үйлдвэрлэх болсноор тавигджээ. 1932 онд ОХУ-д дэлхийн анхны каучукын үйлдвэр байгуулагдсан нь энэ төрлийн материалын хувьсгалын эхлэл байсан гэж үзэж болно.

     Полимер нэгдлээс өөр бусад ямар ч нэгдэлд резин, каучук, мяндас, хальс зэргийг үүсгэх ер бусын онцгой шинж чанар байдаггүй нь полимерийн хэрэглээний чиглэлийг асар ихээр тэлж байна. Полимер материал нь цахилгаан тусгаарлах, мөн хөнгөн (ойролцоогоор 1 г/см3) атлаа бөх бат байдаг зэрэг олон үнэтэй шинж чанартай байдаг юм.

    Нэмж  дурьдахад Полимерын хэрэглээ асар өргөн бөгөөд түүнийг хэрэглэхгүй салбар гэж үгүй. Хүнс, барилга, уул уурхай, бараа, материал, электрон гээд бүхий л салбарт улам бүр хүрээгээ тэлсээр байна. Тиймээс хэрэв та Полистрол хавтанг үгүйсгэх гэж байгаа бол Полимер материалыг бас давхар үгүйсгэж байгаа хэрэг болно. Полистрол хавтангийн тухайд уг гарал нь нэг боловч гаргаж авах аргаараа хоёр өөр төрлийн хавтан яригдана.

Үүнд:

1.     Полистрол эсвэл түүний бусад нэгдлүүдийг хайлуулж хөөлгөн сүвэрхэг бүтэцтэй, задгай ба битүү гадаргуутайгаар үйлдвэрлэдэг хатуу хөөсөнцөр дулаан тусгаарлах материалыг “Хайлуулж хөөлгөсөн шахмал полистрол хавтан буюу XPS”

2.     Үрлэн хэлбэртэй полистрол эсвэл түүний полимер нэгдлүүдийг хөөлгөж шахан үйлдвэрлэдэг хатуу хөөсөнцөр дулаан тусгаарлах материалыг “Хөөсөн полистрол буюу EPS” гэж тус тус ялгаж нэрлэнэ.

       Манай улсад Барилгын дулаан тусгаарлах материал, хөөсөн шахмал полистрол /XPS/ бүтээгдэхүүн техникийн шаардлага буюу MNS EN 13164:2011, Барилгын дулаан тусгаарлах материал Хөөсөн полистирол (EPS) бүтээгдэхүүн. Техникийн шаардлага, MNS EN  13163:2011стандартуудаар энэ төрлийн бүтээгдэхүүний техникийн шаардлагыг тодорхойлж байна. Полистрол хавтан буюу хөөсөн хавтангийн хэрэглээ дэлхийн нийтээр тархсан бөгөөд полистрол хавтан гэдгийг та зөвхөн Монголд үйлдвэрлэдэг хөөсөнцөр үрлээс үүсгэсэн цагаан өнгийн хавтан гэж бодох нь эндүүрэл юм. Зөвхөн энэ төрлийн хавтанг төрөл зүйл, гарлаар нь ангилвал аль хэдийн 20.000 даваад байна.

    Дэлхийн нийтээр энэ төрлийн хавтангийн хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа ба албан ёсны мэдээ сэлтээс үзэхэд 2006 онд дэлхийн нийтээр 6,277 сая/тонн хэрэглэж байсан бол 2013 онд 10,511 сая/тонн,  цаашлаад 2015 он гэхэд 11 сая/тонн хавтанг хэрэглэх судалгаа гарчээ.  

      Энэ төрлийн материалын хамгийн их буюу жилд 4-5 сая/ тонн хэрэглэгч нь  Хойд Ази буюу Оросын холбооны улс болон түүний эргэн тойрны жижиг улсууд болно. Харин хоёрдогч том хэрэглэгчид нь Баруун Европын холбооны улс байх аж. Тиймээс энэ төрлийн хавтангуудын хамгийн дэвшилтэт технологиуд, шинжлэх ухааны ололт амжилтууд эдгээр бүсийн орнуудтай салшгүй холбоотой юм.

     Сүүлийн үед энэ төрлийн материал буюу Полистрол хавтангийн хэрэглээг үгүйсгэх, цаашид байх эсэх тал дээр иргэд, мэргэжилтэнгүүд, зарим тохиолдолд Төрийн байгууллага ч ярих болжээ. Үүн дээр нь нэрмэж зарим нэг хариуцлагагүй үйлдвэрлэгч, гүйцэтгэгч нарын балгаар дефект, дутагдлууд илэрсэн нь асуудлыг улам ч хүндрүүлж байна. Тодруулбал, зарим яамны барилга захиалагчийн албанаас барилгын хананд зөвхөн шилэн хөвөн хэрэглүүлэх, мэргэжлийн хяналт болон онцгой байдлын албаны зарим нөхөд хүртэл энэ төрлийн материалыг үгүйсгэж байгаа нь үндсэндээ дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн барилгын салбарын хөгжил дэвшлийг үгүйсгэж байгаатай агаар нэг зүйл юм.

     Асуудлын гол нь хаанаа буйг харахгүйгээр системийг бүхэлд нь үгүйсгэдэг араншин хөл толгойгоо мэдэхээ байсан ул төрийн тавцангаас барилгын салбар луу бууж ирж байна гэж зохиогч би дүгнэж байна.

Одоо манайд нийтлэг тааралддаг полистрол хавтангуудын дутагдллын талаар жагсаавал:

1.     Барилгын фасад тэгш, гөлгөр байж чаддаггүй

2.     Барилгын үндсэн хана, дулаалга хоёрын хооронд зай завсар үүсдэг, тэр нь яваандаа мөөгөнцөр, амьд организм үүсэх таатай орчин үүсгэдэг

3.     Салхины ачааллыг тэсвэрлэдэггүй ховхорч унадаг

4.     Шавардлага тогтоодоггүй

5.     Галд тэсвэрлэлт байхгүй

6.     Хавтан хоорондын залгаасаар салхи сийгэдэг, дулаан алддаг

7.     Хөлдөлт, халалтын үед хөөсөнцөр үрлүүд эвдрэлд ордог гэх мэт нийтлэг дутагдлууд бий.

  Гэхдээ эдгээр дутагдлуудын ихэнх шалтгаан нь технологийн горим зөрчсөн үйлдвэрлэгч болон гүйцэтгэгч нарын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж дүгнэхээр байгаа юм. Учир нь энэ төрлийн дулаалгын материал 35 стандарттай бөгөөд БНбД ч хангалттай  гарсан байдаг нь уг дулаалгын материалыг үйлдвэрлэх, хэрэглэх, шалгаж хүлээн авах хууль, эрх зүйн актууд бүрэн дүүрэн буйг харуулж байна.

Идэвхитэн бичигч Б.Мөнхбаатар

Мэдээг оруулсан: G.Odgerel
Эх сурвалж: Барилга.МН сэтгүүл №41


www.nots.mn
top